НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН П.
ЭНХБОЛДЫН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ 32 ДУГААР СУРГУУЛИЙН
ТОВЧ ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА
Тус сургууль нь Хан Богд уулын ар хормой, Хатан Туулын хөвөө, Нийслэл хотын өмнөд этгээдэд, цэнгэг агаар, сийрэг орчин, байгалийн үзэсгэлэн цогцолсон Зайсангийн аманд анх шаваа тавьж, МАХН-ын ТХ, БНМАУ-ын СнЗ-ийн 1966 оны 195/260 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан түүхтэй билээ. Үе үеийн түм түмэн хүүхэд багачуудыг сургаж хүмүүжүүлэх эрдмийн их уурхай болсон энэ сургууль анх (1966-1967 оны хичээлийн жил) 1-8 дугаар ангийн 25 бүлэг, 841 сурагчидтай, 40-өөд багш, 10-аад ажилчидтай, захирал Ё.Равдан, хичээлийн эрхлэгч Хорлоо, Б.Батбаяр, пионерийн ахлах удирдагч Б.Бүзмаа нар ажиллаж байсан ба бүрэн бус дунд сургуулийн хэлбэрээр хичээллэж эхэлснээс хойш, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Тус сургууль нь 1994-1995 оны хичээлийн жилээс ХААИС-тай хамтран ажиллаж,
“Эдийн засаг”-ийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн сургууль болон өргөжсөн
ба Нийслэлийн засаг даргын 1997 оны А/104 тоот захирамжаар “Математикийн
гүнзгийрүүлсэн сургалттай” сургууль болон өргөжиж, бүтэц, хэв шинжийн
өөрчлөлтөнд орж, улмаар Нийслэлийн Иргэдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2000 оны 11
дүгээр сарын 29-ний өдрийн 24 тоот тогтоолоор Монголын нэрт математикч асан П.
Энхболдын нэрэмжит сургууль болсон юм.
Манай сургуулийг 1967 онд төгссөн анхны төгсөгч
Н.Бат-Очир Улаанбаатар хотын I сургуулийн математикийн ангид элсэн орж суралцсанаар
математикийн авьяастай, оюуны өндөр чадавхтай олон арван сурагчид энэ
сургуулиас төрөн гарах салхийг хагалж өгсөн билээ. Үүнээс 5 жилийн дараа буюу
1972 онд 7-р ангийн сурагч П. Алтанцог Математикийн улсын олимпиадад хувийн
амжилтаар аварга болж, манай сургуулиас төрөн гарсан үе үеийн аварга математикчдын
анхдагч болсон түүхтэй. Тэр баярт мөчөөс эдүгээг хүртэл тус сургууль нь багаараа
математикийн олимпиадад 4 удаа тэргүүн байр, тус бүр 2 удаа 2 ба 4 дүгээр
байруудыг эзэлсэн амжилт гаргасан юм. Зөвхөн 1998-2001 онуудад манай хамт олон
хотын математикийн олимпиадад 3 дугаар байрыг 1 удаа багаараа эзэлж, Н. Эрдэнэ
багшийн шавь нараас олон улсын олимпиадын алт 1, мөнгө 2, Евро-Азийн олимпиадын
алтан медалийг 1 хүүхэд тус тус хүртэж байжээ. Мөн математикийн улсын аварга
багш 1, мөнгө, хүрэл медальт багш тус бүр 1, хот, дүүргийн олимпиадын аварга
багш 2, мөнгөн медальт багш 3, хүрэл медалийг 3 багш хүртэж байсан амжилтуудаар
манай сургуулийн хамт олон математикч уламжлал, түүхэн хуудсаа зузаатгасаар
байна.
Манай сургууль 1996 оноос хот хоорондын Математикийн
олимпиадыг өөр дээрээ 2 удаа зохиож байсны дээр, 1997 оноос П. Энхболдын
нэрэмжит IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII уралдааныг 2 жил тутамд нэг удаа уламжлал болгон зохион
байгуулж ирлээ. Энэ уралдаанд хотын нийт сургуулиуд өргөн оролцдог төдийгүй,
сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас хамрагдах болсноор улсын чанартай нэр
хүндтэй уралдааны түвшинд хүрлээ. Залуу математикчид, оюуны өндөр чадавхтай,
авьяаслаг багш, хүүхдүүдийг нээн илрүүлж, хөгжүүлэхэд чиглэгдсэн энэ уралдаан
өнөөдрийг хүртэл XII дах удаагаа явагдаж байгаа бөгөөд манай сургуулийн багш,
сурагчид тогтмол эхний болон шагналт байруудыг эзэлж ирсэн юм.
П. Энхболдын нэрэмжит математикийн IV
уралдааны алтан медаль Г. Мөнхжаргал, IV,
VI уралдааны алтан медалийн эзэн
Э. Энхзаяа, VII уралдаанаас
хүрэл медаль хүртсэн Э. Өсөхбаяр, VIII уралдаанаас хүрэл медальт С. Оюун-Эрдэнэ, М. Марал, IX
уралдаанаас Э. Халиун алтан медаль, Б. Билэгтжаргал хүрэл
медаль, X
уралдаанаас Д. Очир-Эрдэнэ алтан медаль, XI
уралдаанаас Э. Баярхүү алтан медаль, Э. Ану, Б.Мөнхбаяр
нар мөнгөн медаль, Б. Манлай хүрэл медаль, XII уралдаанаас Б. Үжин, Б. Ариунбилэг нар алтан медаль, Т.
Ундаръяа хүрэл медалийг хүртсэн амжилт гаргаж байна. П. Энхболдын нэрэмжит
математикийн уралдааныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж ирсэн явдал нь
сургуулийн нэр хүндийг өргөсөн, дунд сургуулийн математикийн сургалтын чанар
чансааг тодорхойлсон нэгэн хэлбэрийг нэр төртэй үйл ажиллагаа болгож байдаг юм.
Өнөөдөр манай
сургууль 1-11 дүгээр ангийн 24
бүлэгт 615
суралцагч, 36 багш, 14 ажиллагсадтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байгаа
бөгөөд хамт олны дунд ажил үйлсээрээ шалгарч, арга туршлага нь жигдэрсэн,
мэргэжлийн болон заах арга зүйн өндөр
чадвартай, салбарын тэргүүн, төр, засгийн дээд шагналаар шагнагдсан олон багш
ажиллаж байна. Тухайлбал: Төр, засгийн шагналтан 8, АБТА 14, магистр зэрэгтэй
8, бакалавр зэрэгтэй 11 багш байна. Багш сурган, хүмүүжүүлэгчдийн 92,5% нь
мэргэжлийн зэрэгтэй бөгөөд, тэргүүлэх зэрэгтэй 8, заах аргач зэрэгтэй багш 22 ажиллаж байна.
Манай сургуулийн хувьд нэг багшид ногдох суралцагчийн тоо 16,3, анги
дүүргэлтийн дундаж 25,4тэй байдаг. Нийт суралцагчдын маань 63,2% нь математик,
англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтанд хамрагдаж байгаа ба сүүлийн 3 жилийн
байдлаар 40-50 хүүхэд X
анги төгсөж, тэдний 75-84% нь их, дээд сургуульд элсэн суралцаж байна.
Манай сургууль 2006 оноос Байгаль орчноо хамгаалах
чиглэлээр Япон улсын Зүүн Өмнөд Азийн Байгаль орчныг хамгаалах Ёкохама
байгууллагатай, 2007 оноос Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын байгаль орчны
консорциумын дэмжлэгтэйгээр Цөлжилтийг сааруулах төслийн хүрээнд “Эко-сургууль”
төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн ХУД-ийн төвийн 5 сургуулийн сургалт
хүмүүжлийн ажлын үр дүнг дээшлүүлэх, хамтын үйл ажиллагааны нөлөөг сайжруулах
зорилгоор “Сүлжээ сургууль”-уудын
хөтөлбөрийг боловсруулан ажиллаж эхлээд байна.
Тус сургууль
нийслэлийн хэмжээнд жил бүр математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 1-11 дүгээр
ангид, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 1-5 дугаар ангидаа нэмэлт элсэлт
авч хамран сургах хүрээгээ өргөжүүлж байдаг юм. 2008-2009 оны хичээлийн жилээс
манай сургууль 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжин ХААИС-ийн харьяа Лицей
сургууль болох хамтын ажиллагааны гэрээний дагуу 10в ангийг эдийн засгийн
сэтгэлгээний түүх, нягтлан бодох бүртгэл хичээлүүдийг заалгаж сургалтынхаа хүрээг өргөжүүлж байна. 320 хүүхдийн багтаамжтай спорт
заалтай сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтанд орсноор багш,
суралцагчдын сурч хөдөлмөрлөх таатай
орчин бүрдүүлээд байна. Ханбогд уулынхаа хормойд, Хатан
Туулынхаа хөвөөнд сүндэрлэсэн төрөлх
сургууль маань өдрөөс өдөрт өнгө засан, жилээс жилд жигдрэн дэвжиж, урсан одох
он цагийг өртөөлөн түүхийн хуудсаа зузаатгасаар байна.
Үе үе
ажиллаж байсан болон ажиллаж байгаа захирлуудыг дурдвал:
1. Н.
Равдан (1965-1975 он)
2. С.
Шоодвор (1975-1986
он)
3. Х.
Бямба (1986-1997
он)
4. Б.
Баясгалан (1997-1998
он)
5. Н.
Эрдэнэ (1998-1999 он)
6. Н.
Баянжаргал (1999-2001 он)
7. Д.
Ган-Уяа (2001-2006 он)
8. Г.
Ганболд (2006 он)
9. Б.
Балган (2006-2010 он)
10. Г.
Мөнхбаяр (2010 оноос)
танай сургулийн баршил хаана вэ
ReplyDeletezaal ogch bga yu
ReplyDelete