Таамаглал дэвшүүлэх арга
Бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх арга барилуудыг олон янзаар ангилдаг. Сүүлийн үед практикт өргөн хэрэглэж буй аргуудаас дурдвал Таамаглал дэвшүүлэх арга, Асуулт тавих арга, KWHL арга, Унших хурдаа тохируулах арга, Давтан унших арга, Уншсан зүйлээ илэрхийлэх арга, Үгсийн сангаа баяжуулах аргууд (1) юм. Ингээд та бүхэнд таамаглал дэвшүүлэх аргыг танилцуулъя.Зорилго:
Унших явцдаа үйл явдлын харилцан хамаарал, уялдаа холбоог урьдчилан хэлэх, таамаглал, дүгнэлт гаргах чадвар эзэмших
Үйл ажиллагаа:
Уншихаар бэлтгэсэн сэдвийнхээ эхний хэсгийг хүүхдүүдэд тарааж, эсвэл уншиж өгнө. Тухайн хэсэгтэй танилцаад сурагчид өөрсдийн дэвшүүлсэн таамаглалаа хос хосоор, бүлгээр, анги нийтээр хамтран хэлэлцэнэ. Ингэж таамаглахын тулд сурагчид өөрсдийн суурь мэдлэгийг унших материалд өгөгдсөн шинэ мэдээлэлтэй хослуулан ашигладаг.
Хичээлийн явцад багш таамаглал дэвшүүлэх аргыг хэрэглэхдээ хүүхдийн унших чадварыг харгалзан дараах түвшинд авч үзнэ.
Нэгдүгээр түвшний таамаглалыг туршлага багатай I-II ангийн сурагчдад хэрэглэх ба сурагчдын унших чадвар сайжрахын хирээр хоёр, гурав, дөрөвдүгээр түвшний таамаглалыг дэвшүүлэх чадвартай болдог.
1. Таамаглал дэвшүүлэх (нэгдүгээр түвшин)
• Ямар үйл явдал болов?
• Цаашид яаж үргэлжлэх вэ?
2. Таамаглал дэвшүүлэх (хоёрдугаар түвшин)
• Ямар үйл явдал болов?
• Цаашдаа юу болж болох вэ?
• Ямар учраас чи ингэж төсөөлж байна вэ?
3. Таамаглал дэвшүүлэх (гуравдугаар түвшин)
• Цаашдаа юу болж болох вэ?
• Дүрүүдийн тухай олж мэдсэн зүйлээс юу нь чамайг ингэж төсөөлөхөд хүргэсэн бэ?
• Ямар шалтгааны улмаас үйл явдал ингэж өрнөх вэ?
• Өөр шалтгаан байж болох уу? Ямар шалтгаан байна вэ?
4. Таамаглал дэвшүүлэх (дөрөвдүгээр түвшин)
Энэ түвшинд сурагчид дүрүүдийг нарийвчлан тодорхойлно.
Дүрүүдийг тодорхойлох нь:
• Дүрүүдийн тухай чиний олж мэдсэн зүйлээс чухам юу нь тэд нар цаашдаа ингэх байх гэж урьдчилан хэлэхэд чинь тус болсон бэ?
• Чиний таамаглалаар цаашдаа юу болох бол?
• Үйл явдал ингэж өрнөнө гэдэг хэр зэрэг магадлалтай вэ?
• Үйл явдлын ийм өрнөлт нь юунаас шалтгаалах вэ?
• Шалтгаан нь чухам үүнд байна гэдгийг хэрхэн баталж болох вэ?
• Үйл явдал өрнөх боломжит өөр ямар хувилбар байж болох вэ?
Таамаглал дэвшүүлэх арга нь дараах давуу тал, боломийг багш, сурагчдад олгодог:
Энэхүү аргыг хэрэглэхэд хялбар бөгөөд багшийн цаг зав, хүчийг ихээхэн хэмнэдэг.(2)
• Хичээлийн явцад бүх сурагчдыг хамран өргөн оролцуулах боломжтой.
• Унших дадал чадвараар ялгаатай сурагчдад болон аль ч ангид хэрэглэж болно.
• Уншиж болох ямар ч материал дээр ашиглаж болдог.
• Сурагчдад өөрсдийн сонирхол, хүсэл тэмүүллийн дагуу ажиллах боломж олгодог.
• Сургалтын үйл явцыг сурагч өөрсдөө удирдах боломж олгодог.
• Уншсан материалаа задлан шинжилж, дүгнэн таамаглахдаа өөрийнөө үгээр ярих боломжийг хүүхдэд өгдөг.
• Олон янзын түвшний таамаглалыг нэг хичээл дээр ч ашиглах боломжийг олгодог.
Ингээд I ангийн “Монгол хэл”-ний сурах бичгийн 150-151 дүгээр хуудасны “Бяцхан муур” сэдэв дээр Таамаглал дэвшүүлэх аргаа туршиж үзье.
Бяцхан муур
Муурын зулзага ээжтэйгээ загас барихаар гол дээр ирэв. Тэгтэл нэг болжмор тэдний хажууд нисэн ирэв. Бяцхан муур дэгээгээ орхин түүнийг барихаар хөөв. Гэвч барьж чадсанүй. Гэтэл нэг эрвээхий нисэхийг хараад араас нь хөөв. Муурын зулзага эрвээхийг бас л хөөв. Муурын зулзага ээжийнхээ барьсан загасыг үзээд “Ээж ээ, Би яагаад нэг ч загас барьж чадсангүй вэ?” гэж асуув. Энэ үед ээж нь хүүдээ: “Хүү минь. ......................................................” гэж хэлжээ. Юу гэж хэлсэн бэ?
Үргэлжлэлийг таагаарай. Энэ үед багш сурагчдаар төсөөлөн бодуулах, өөрийнхөө үгээр яриулах боломжийг олгож хүүхдэд аль болох үгүйсгэсэн үг хэллэг болон хариултыг хэлэхгүй байхыг танд зөвлөе. Ингээд сурагчид бүгд ярилцаж дууссаны дараа эх сэдвээ уншиж өгөөд хэний таамаглал дөхсөн эсвэл таарсан эсэх дээр хамтран ярилцана.
Энэ үед ээж нь хүүдээ: “Хүү минь ямар ч ажил хийхэд тэвчээртэй байх хэрэгтэй” гэж сургав. Зулзага загас барьж эхлэв. Одоо ямар үйл явдал болох бол?
Үргэлжлэлийг таагаарай. Багш тухайн сэдвийн аль хэсгээр тасалж сурагчдаар таамаглал дэвшүүлэхээ урьдчилан сайтар бодсон байна.
Муурын зулзага олон загас барьжээ. Тэгээд муур ээжтэйгээ гэр рүүгээ баяртай явлаа.
No comments:
Post a Comment