Шинэ жил-дуу, шүлэг

М.Чимэд
                     Сүлд мод
Өнгөт мөчрөө дэлгэсэн
Өндөр сайхан гацуурын 
Мөчир салаа бүрд нь
Мөнгөн чимэг гялалзана
                     Хүйтний өвгөн ирж 
                     Хүүхэд багачуудтай мэндлээд 
                     Хуучин оноо үдэж
                      Шинэ жилийг авчирлаа
Онцгой  гоёор чимсэн
Ойн ногоон гацуураа 
Олон бүгдээр тойрч
Онц сайхнаар бүжиглэнэ

Д.Содномдорж

                 Сүлд модоо тойроод
Өндөр ногоон гацуур маань
Танхим дунд сүндэрлэж байна
Өнгөтэй сайхан чимэглэл
Тал бүрд нь гялалзаж байна
               Сагсгар сүүлтэй хэрэм
               Соотон чихтэй чоно
               Ойн хүчит баавгай
               Ов зальтай үнэг
Баг  хувцасаа  өмсөөд
Баясгалантай тоглож  байна
Бавгар сахалтай  өвлийн өвгөн
Багачуудыг хараад баясаж байна
              Дэгдэн  гүйдэг  янзага
              Дэлдэн  чихтэй  туулай
              Үсэрч дүүлдэг муур
              Үндэс хадардаг гахай
Сүлд модоо тойроод цөм
Сүртэй сайхан наадаж байна
Багш минь бүгдийг хараад
Баярлаж  инээгээд  зогсож  байна


Ая: Г.Энхбаяр         Үг: Ч.Гомбо

              Зулзаган ногоон гацуурхан
Зулзаган  ногоон гацуурхан
Зундаа  өвөлдөө  ногоорно
Хөл  ихтэй  хотод  минь
Хүчилтөрөгч  бэлэглэнэ
                 Гацуурхан гацуурхан гацуурхан
                 Ганган ногоон гацуурхан
                 Гацуурхан гацуурхан гацуурхан
                 Ганган ногоон гацуурхан
Цэл  ногоон гацуурхан
Зундаа  өвөлдөө  ногоорно
Цэнгэлтэй  энэ хотод минь
Цэвэр  агаар бэлэглэнэ
                 Гацуурхан гацуурхан гацуурхан
                 Ганган ногоон гацуурхан
                 Гацуурхан гацуурхан гацуурхан
                 Ганган ногоон гацуурхан

Өвлийн өвгөн аавын үг

Цал буурал өвгөн аав нь
Цас мөсний их орноос
Цан хүүрэн татуулан
Үүлтэй тэнгэрээс доогуур
Үзүүртэй модноос дээгүүр
Цалин цагаан морио унаад
Цасан охидоо дагуулан бүжсээр
Цадиг түүхийн алтан өлгий болсон
Амжилт бүтээлийн эзэд
Алдар гавьяаны ирээдүй
Хүүхэд багачууд та нартайгаа уулзахад
Урамтай байна, баяртай байна

Р.Ядам
                   Өвөл
Ай, өвөл, өвөл!
Аятайхан өвөл!
                   Цана чаргаар гулгах гэж
                   Цасан хөнжлөө дэвсээ юу
                   Мөсөн дээгүүр тэшүүлэх гэж
                   Мөрөн голыг хөлдөөгөө юу
Ай, өвөл, өвөл!
Аятайхан өвөл!
                   Мөнгөн цасаа хайлуулах гэж
                   Хүүхэд биднийг  цэнгүүлэх  гэж
                   Хүйтэн  жавраа  илгээгээ юу
Ай, өвөл, өвөл!
Аятайхан өвөл!
                  Цанаар явж цасаар тоглож
                  Мөсөөр гулсах мөн ч сайхнаа
Ай, өвөл, өвөл! 
Аятайхан өвөл!
                  Хүйтэн ч  гэсэн хөгжилтэй өвөл
                  Цэцэггүй ч гэсэн цэнгэлтэй өвөл


Т.Жамъянсүрэн

                   Цасан  өвгөн
Анхны  цас
Шинэхэн  цас
Агаар  тэнгэрээс 
Бужигнан  орлоо
Хөрш  айлын 
Хүүхдүүд  цөмөөрөө
Хөл  алдам
Хөгжин  гүйлдлээ
Шинэхэн  орсон 
Сонихон  цасыг
Өнхрүүлж  тойруулж
Өнхрүүш  хийлээ
Том  өнхрүүшдээ
Толгой  суулгаад
Өндөр  цагаан
Өвгөн  босголоо
Багахан  өнхрүүшээ
Баруунтай  зүүнтэй нь
Байрлуулж  суулгаад
Хөөрхөн  хурга
Хөгжилтэй  ишиг
Унага, тугал
Урлаж  хийлээ 
Цангинам  хүйтэн
Өвөл  цагийн 
Цасан ээжтэй
Өвгөн аав  минь
Хурга, ишиг
Унага, тугалаа
Харилж  өвөлжөөд 
Хавартай золгоно доо!

No comments:

Post a Comment