Унших арга барилыг сайжруулах дасгал ажил


Унших арга барилыг сайжруулах дасгал ажил

Бага  ангийн багш бид нар хүүхдээ уншуулж сургахын тулд сургалтын олон янзын арга хэрэглэхээс гадна тухайн ангийнхаа сурагчдын чадварт нь тохируулж багш бүр л шинээр арга зүй, дасгал ажил, сургалтын тоглоомуудыг боловсруулж байнга хэрэглэдэг билээ. Харин тэрхүү боловсруулсан шинэлэг арга туршлагаа улам боловсронгуй болгож,  нийтийн хүртээл болголгүй орхидог нь бидний нийтлэг дутагдал юм. АНУ-ын Аризона мужийн их сургуулийн профессор Вэтти, Вэргэрон нарын боловсруулсан бага ангийн сурагчдын унших чадварыг сайжруулах дасгал ажлыг толилуулж байна. 

“Үгийг зөв сонгох” дасгал ажил   (1-2 дугаар анги)
Энэ дасгал ажлыг хийлгэснээр сурагчдын үгийн баялаг нэмэгдэхийн зэрэгцээ, тэдэнд үгийг оновчтой, зөв сонгон хэрэглэж сурахад тусална.  
Жишээлбэл,  “Би морь ---------” гэсэн өгүүлбэрийн хоосон зайд “у” үсгээр эхэлсэн үгийг нөхөж бичих даалгаврыг сурагчид дараах байдлаар гүйцэтгэнэ. 

1.    Сурагчид дэвтэртээ 1-ээс 5 хүртэлх дугаарыг жагсааж бичнэ. 

2.    Тэд бие даан бодож, өөрсдийн чадах чинээгээрээ дугааруудын ард 5 хүртэлх үгийг бичнэ. Ингээд багш, сурагчид хариултуудыг хамтран ярилцаж, сонгосон үг зөв эсэхийг нягтлан шалгана. (1) 
“Би морь унав.” (уяв, уралдуулав, уургалав, уухайлав гэх мэт) 

3.    Сонгосон үгнүүдээс заримыг нь хүүхэд мэдэхгүй байвал үг тус бүрээр жишээ авч, эсвэл үйл хөдлөлөөр тайлбарлаж өгнө. 

4.    Ангийн сурагчдын ихэнх нь тохирох үгийг олж чадахгүй бол багш зориуд бэлтгэсэн картыг сурагчдад тарааж өгч тохирох үгийг сонгуулж, хувирган өгүүлбэрийг гүйцээж  болно.  Жишээ нь:

У

  Унага                        улаан                    уухай
  Унах                         ухаан                     уухайлах
  Уралдах                   ухуулах                 уг
  Уурга                        уудам                    ундаа
  Уургалах                  уяхан                     уужим
  Уяа                           утаа                       уур
  Уях                           удаан                     ууц
  Уух                           удамшил                ухаалаг

5.    Өөр нэг арга бол багш дасгал ажлыг эхлэхээс өмнө “У” үсгээр эхэлсэн дурын үйл үгийг сурагчдаар хэлүүлж самбарт бичнэ. Тэдгээрээс хүүхэд тохирох үгийг сонгон өгүүлбэрээ гүйцээж бичиж, уншиж болно. 

Дээрх дасгал ажил нь та бидний хэрэглэдэг арга зүйтэй ижил төстэй ч байж болно. Хамгийн гол нь багш таныг манай сайтаар дамжуулан өөрийн боловсруулсан шинэлэг арга зүйгээ бусдад таниулж, өөрийн нэрээр нэрлэгдэж болохуйц шинэ арга зүйг өөрийн оюуны өмчөөр бүртгүүлэх, түгээн дэлгэрүүлэх гүүр зам тань болъё БИД. 

No comments:

Post a Comment