Гэрийн даалгаврын талаар юу гэв?
Эхлээд ХБНГУ-ын зарим багш, судлаачид сурагчдын гэрийн даалгавартай холбогдуулж юу хэлснийг сонирхъё. Элке Вилд (Elke Wild) “Та арын фононд нь л байхыг хичээ. Хийж байгаа зүйлийг нь бүү тасалдуул. Хэрэв хүүхэд тань туслалцаа хүсвэл харин дэмжлэг үзүүлэхэд бэлэн бай. Тэдэнд нэг талаас сэтгэл санааны дэмжлэг, нөгөө талаас тодорхой аргачлал л хэрэгтэй”. Роберт-Кох-Гимназын захирал Хайнц-Петер Майдингер (Heinz-Peter Meidinger) “Гэрийн даалгаврыг хүүхэд ямагт төгс төгөлдөр хийх албагүй. Харин ч түүний эсрэгээр. Хэрэв гэрийн даалгавар хийхдээ хүүхэд алдсан, тэр нь харагдаж байвал тухайн хүүхдэд ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар багшид чухал мэдээлэл өгнө” гэжээ.
Ингээд хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаар бичсэн олон ном нь бэстселлер болсон, швейцарийн хүүхдийн эмч, профессор Ремо Ларгогийн Шпийгель (der Spiegel) сэтгүүлд өгсөн ярилцлагаас гэрийн даалгавар болон эцэг эх хүүхдэдээ суралцахад нь хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар ярьсан зүйлсийг хэсэгчлэн авлаа.
Шпийгель: Сургуульд ороод хүүхэд ер нь яаж сайн хөгжих вэ? Эцэг эхчүүд анхнаас нь хүүхдээ дэмжиж туслах шаардлагатай юу? Жишээлбэл, гэрийн даалгавар хийхэд нь гэх мэт.
Ларго: Эцэг эх юу гэж бодож хүснэ, түүнээс л хамаарна. Хэрэв тэд хүүхэд нь сайн дүн авахыг л хүсдэг бол тэр тустай. Ер нь манай сургуулийн системд нэгэн төөрөгдөл байна аа. Бүх зүйл дүнгээр хэмжигддэг болж. Тэгээд нэгийг нь нөгөөтэй нь харьцуулна. Хүүхэд тус бүр үр өгөөжтэйгээр суралцах нь бидний үндсэн ажил үйл гэж авч үзэхгүй байна.
Шпийгель: Тэгэхээр юуг нь өөрчлөх хэрэгтэй гэж?
Ларго: Хичээл бол хүүхэд тус бүрийн өөрийнх нь суралцах чадварт чиглэж, өөрөө шийдэж суралцах боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Тэгэхээр дүн тавихгүй байх хэрэгтэй, яагаад гэвэл дүн бол хүүхдийг мулгуйгаар цээжлэх рүү түлхдэг. Дүнгүй ажиллах тохиолдолд багш харин хүүхдэд суралцах сэдэл төрүүлэхэд илүү анхаарч хичээн зүтгэх шаардлагатай. Гэрийн даалгаврыг ч хүүхэд бүгдийг зөв гүйцэтгэх албагүй. Гэрийн даалгавар өгнө гэдэг нь сургууль хүлээх үүрэг хариуцлагаа эцэг эх рүү ацаглаж байна л гэсэн үг.
Шпийгель: Гэрийн даалгавар хийхэд хүүхэд үзсэн зүйлээ бие даан хийдгээрээ ач холбогдолтой юм биш үү?
Ларго: Би ийм хандлага санааг олон удаа сонссон. Үүнээс хүүхэд сургууль дээрээ хэзээ ч бие дааж ажилладаггүй гэсэн санаа гарч ирж байгаа юм. "Ан үргээлэг" хийж байж ан агнадаг даа. Үүнтэй адилхан гэрийн даалгавар бол сайн дүн авахын төлөө хийж буй ажил.
Өөр нэг муу зүйл бол эцэг эх хүүхдийнхээ гэрийн даалгаварт илүү анхаарч, доголдсон зүйл дээр нь давтлага авсан тохиолдолд хүүхдийнхээ сурлагын амжилтыг ахиулдагт оршино. Тэгэхээр хүүхдийн сургууль дээрх ахиц дэвшил эцэг эх хэдийчинээ хүүхдэдээ дэмжлэг үзүүлж байна гэдгээс шалтгаалдаг байж болохгүй биз дээ.
Шпийгель: Эцэг эхчүүд хүүхдээ хичээлдээ сайн байхыг хүсдэг нь зүй ёсны хэрэг шүү дээ?
Ларго: Мэдээж. Гэхдээ эцэг эх дэмжлэг туслалцаа үзүүлсэн хэдий ч хүүхдүүд хоорондоо адилгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Зарим хүүхэд зургаан настайдаа уншиж сурч байхад зарим нь долоотойдоо, түүнээс хожим ч байж болох.
Шпийгель: Тэгвэл суралцах үйлийг нь хурдасгах хэрэгтэй гэсэн үг үү?
Ларго: Үгүй. Ийм дүгнэлт гаргасан судалгаа дэлхий дээр нэг ч байхгүй. Эцэг эхчүүд хүүхдээрээ аливааг давтан хийлгэснээр түүнд авъяас чадвар бий болгоно гэж үгүй.
Шпийгель: Тэгэхээр юу ч хийсэн үр дүн муутай юмаа даа?
Ларго: Эцэг эх хэзээ хүүхэд үсэг сонирхож эхэлнэ, тэр хүртэл нь хүлээх хэрэгтэй. Үүний дараа л цөөн үгтэй ном эсвэл уншиж сурахад зориулсан тоглоом зэрэг тус дэм болох материалыг бэлтгэж өгнө.
Шпийгель: Эцэг эх хүүхдээ урагш нь ахиулах гэж зүтгэх нь ямар хор нөлөөтэй вэ?
Ларго: Эцэг эх хүүхдэдээ дарамт үзүүлэх тохиолдолд хүүхдийнхээ өөртэй итгэх итгэлийг алдагдуулна. Муу муухай зүйл юу тохиолдов гэвэл, түүнийг л хэлнэ! Ингэснээр хүүхэд ээж аавынх нь хүсээд байгаа зүйлийг биелүүлж чадаагүй тохиолдолдоо тэд надад сэтгэл дундуур байна гэсэн мэдрэмж авна. Хүүхдийг ийнхүү “жижигрүүлэх” нь удаан хугацааны сөрөг үр дагавартай.
Шпийгель: Тэгэхээр эцэг эх хүүхдийнхээ суралцах үйлийг яаж дэмжих вэ?
Ларго: Эцэг эх хүүхдийнхээ хувь хүнийх нь хувьд чадаж байгаа зүйлийг ойлгож байгаагаа харуулна, энэ нь тэдэнд дэмжлэг болно, харин шахаж шавдуулах хэрэггүй. Хүүхэд өөрөө уншаад сурчихсан тохиолдолд өөртөө ямар их бахархалтай байна гэж бодно. Бусдаар заалгаад сурсан тохиолдолд багш, эцэг эхийнхээ удирдлагаар л сурлаа, тэдэнд баярлах ёстой гэсэн мэдрэмж авна, энэ нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжид сөрөг нөлөөтэй.
Шпийгель: Хүү/охин маань сайн уншиж, бичиж чадахгүй байна даа гэж эргэлзсэн эцэг эхчүүдэд Та юу хэлэх вэ?
Ларго: Өөртэй итгэх итгэлийг нь бий болгох. Ингэхийн тулд чадаж байгаа хүчтэй талыг нь олж харна, түүнийг нь улам хүчирхэгжүүлнэ. Бид эхлээд болохгүй байгааг нь олоод харчихдаг тийм гай хөөтэй хандлагатай улсууд. Хүүхдийнхээ хөгжлийн түвшинг сайн анзаарч, юу үр нөлөө үзүүлэх вэ гэдгийг бодож сонгоно.
Н.Хорлоо
No comments:
Post a Comment